Thursday, February 7, 2013
Цагаан сарыг өмөөрөхүй
Цагаан сар сэтгэлийн баяр, цаг тоолол үргэлжилж буйн бэлэгдэл, Чингисийн удам тасраагүйн шинж, Туурга тусгаар монгол түмэн өөрийн гэсэн соёлтойн гэрч, үндэсний уламжлалаа өвлүүлэх ёсон билээ.
Угсаа сурвалжаараа, ураг төрөл, элгэн саднаараа цуглаж, эв эеэ эрхэмлэн, билигтэй үгс хэлэлцэн, бие биенээ хүндлэн ахмад буурлууд нь айлчлан ирсэн ахан дүүсээ үр хүүхэд ач зээдээ танилцуулж, авга, нагацыг нь мэдүүлж, ураг төрөл, угсаа гарлыг нь ухааруулдаг. Жилээс жилд хүргэн, бэрээр өргөжиж, нялхсаар өнөрждөг ургийн хэлхээгээ настан буурлууд сар шинийн энэ л өдрүүдэд гагнан бэхжүүлдэг. Идэр залуусын хувьд ч хорвоогийн хамгийн дээд нь үр хойч урд үеэ хүндэтгэх ёсон юм байна гэдгийг цагаан сараар л ойлгож, азай буурлууд, ахмад настныг хүндлэн золгодог. Энэ л учраас цагаан сарын баяр олон зууныг өртөөлөн он цагийг дамнан утга хэлбэрээ алдалгүй, ёс заншлаа, уламжлал түүхээ өөртөө шингээн эдүгээ бидэнд ирсэн билээ.
Ер нь юм ховордоо зүгээр, хорьж цагдах тусмаа үнэ цэнэтэй байдгийн жишиг ч юм уу хориотой цагийн цагаан сар илүү ёслол төгөлдөг болдог байж уу. Алсуур эртнээс бэлдсээр, ажлын өдөр таарвал ээж аав маань өглөө эртлэн 6 цагт эмээтэй золгочихоод 7 цагийн ажилдаа яаран гардагсан. Шар тос самарсан цай арцны бүдэг үнэртэй, галын дулаан илчтэй эмээгийн гэрт өглөө эртхэн юм уу орой ажил тарсан хойно айлчлан ирж шөнө дөл хүртэл золгуут хийх Монгол ахан дүүс тийнхүү нуугдасхийн цагаан сарыг тэмдэглэж байхдаа ёсоо огтхон ч гажуудуулаагүй билээ. Өмнөх үед төр засгаасаа нуугдан нуугдан цагаан сарыг тэмдэглэдэг байсан бол өнөө цагт төр засагтаа, бусдад уурлан уурлан тэмдэглэдэг болчихжээ
Синх: / цагаан сарын бэлтгэл хийхэд зардал ихтэй байгаа талаар бухимдсан /
Бухимдал, стресс, санхүүгийн хүндрэл тэгээд жаахан сэтгэл хөөрөл. Энэ бол цагаан сарын баярыг тэмдэглэхэд мэдрэгддэг сэтгэл зүйн ерөнхий төлөв. Шинэ жилийн араас өвлийн хүйтэн, утааны муухайг сааруулж, хүн бүхний тархинд ганцхан “цагаан сар” гэсэн улаан гэрэл асч, ууц, буузны мах, гарын бэлэг, өмсөх дээл сэлтээс эхлээд олон зүйл бүрдүүлэх ёстой гуравхан өдрийн төлөө шаналж эхэлдэг. Хичнээн хүн ирэх билээ?, Хэнд юу бэлэглэх вэ?, махны үнэ арай дэндүү байна, төр засаг яагаад арга хэмжээ авч энэ муу даварсан ченжүүдийг болиулж болдоггүй юм бэ? Ер нь төрөөс энэ цагаан сарын асуудлыг цэгцэлмээр юм . . . ингээд л бухимдал үргэлжилнэ. Гэсэн ч цаг наашилдагаараа наашилж, цагаан сар болдгоороо болж монгол түмний их золголт эхэлнэ.
Уурлан уурлан Цагаан сарыг тэмдэглэхийн учир юу билээ?
Амин хувийн амьдрал, өдөр тутмын тойрогтоо эргэлдсээр нэгэн цагт тогоотой хоолоо хувааж, томдсон, багадсан хувцсаа дамжуулан өмсөж өссөн төрсөн ах дүүс уулзаж амжилгүй нэг л мэдэхэд жилийг тойрчихсон байдаг. Бидний энэ хэмнэлээсээ түр салж, төрснөө хайж тэмүүлдэг үес нь цагаан сар гэхэд хилсдэхгүй биз ээ. Учир нь цагаан сар дөхөхөд ямар ч монгол хүн эцэг эхдээ боломж хэрээрээ туслаж, бэлтгэл ажлаас нь элбэлцдэг. Бууз хийхээр цугласан эгч дүүс яриа дэлгэж, энүүгээр тэнүүгээр хүүхдүүд нь тоглон бужигналдаж гүйхдээ элгэн садантайгаа зөнгөөрөө дотносдог. Бэлтгэл ажлаасаа аваад тэмдэглэх нь хүртэл нэгтгэх гэсэн шиг билиг дэмбэрэл агуулсан цагаан сараа бид муулах учиргүй.
Цагаан сар дөхөх тусам харьд суугаа ямар ч монгол нутгаа илүүтэй санагалзаж, тарган мах огтолж, тансаг айраг шимэн яриа дэлгэж, хөөрөг зөрүүлэн сайныг хэлэлцэж, хоймор эзлэн суухыг хүсдэггүй гэж үү?
Ер нь хүн бүр цагаан сарыг хүсэн хүлээдэг. Намайг хүүхэд байхад хэвтэрт байдаг эмээ маань ганцхан цагаан сараар л дээл хувцасаа өмсөөд, юм түшээд суучихсан зорьж ирсэн ахан дүүстэйгээ золгож байхдаа ерөөлийн үгс хэлж, нүдэнд нь нулимс цийлэгнэн, царайд нь баяр туяарч байдагсан.
Ядруухан яваа нэгэн аль байгаагаа өмсөөд, үр хүүхдээ дагуулаад өтгөс буурлууддаа очихдоо нүд нь гэрэлтэй байдаг. Хичнээн тээршаасан ч энэ баяр та бидний цусанд байгаа учраас хэнбугай нь ч хорьж зааглаж, хэмжээ тогтоож дийлэхгүй.
Синхрон: /цагаан сар сайхан баяр, уламжлалын баяр, хүнээс дутаад яахав. /
Сар шинийн баяр тэр жилийн өнгө төрхөө тодорхойлдог гэж үздэг учраас энэ өдрүүдэд мөр бүтэн, сэтгэл тэнүүн байх гэдэг нь бидэнд эцэг өвгөдөөс минь мах цусанд шингэж ирсэн үзэл.
Тэгээд ч нэг үеэ бодвол залуус үндэсний хувцсаа өмсөхийг эрмэлздэг, үр хүүхддээ дээл авч өгдөг болсон ч зөвхөн дээл өмссөнөөр өв уламжлал сэргэж байна гэж ойлговол бас өрөөсгөл. Зүгээр л цагийн ороо бусгааг давж сэтгэлдээ монгол ёсоо дээдлэх зөн суусан залуусын тархинд одоо өнгөр суулгаж, ёс заншлаа уламжлуулах үүргийг ахмад буурлууд, лам хар, дээр дооргүй л бодох цаг нь болсон байлтай.
Час хийсэн цагаан сар
Харин Өнөөдөр бидний яриад байгаа, өгүүлэл бухимдал тавиад байгаагийн тухайд ганцхан хариулт бий. Цагаан сар болдгоороо болсоор байх болно, харин та хөнжлийнхөө хэрээр хөлөө жий! Тэгээд л боллоо. Мэдээж тэтгэврийн хоёр хөгшинд ирж золгох дал наян хүний бэлэг сэлт хүндхэн ачаа хэдий ч очиж золгоох үр хүүхэд, ахан дүүсийн хувьд буурлуудаа хүндэлж, ёс заншлаа дээдлэхийг эрхэмлэж буй тул тул гар цайлгах төдий байхад гомдохгүй нь лавтай.
Хамгийн гол нь залуус бидэнд хамаатан садан, төрлийг минь таниулж, өвгөдийн минь үгийг өвлүүлж ирсэн сар шинийн энэ сайхан баярын учрыг тайлбарлаж, уламжлал ёсыг таниулж өгөөч. Цагийн жамаар энэ үүрэг бидэнд ирэхэд үр хойчдоо хэлэх үгтэй, үлдээх өвтэй байх гэсэн юм бид. Тэр цагт “за хүү минь цагаан сар гэдэг чинь ийм утга учиртай, ийм ёс заншилтай ийм сайхан баяр юм шүү” гэх гэхээр хэлэх үг олдохгүй, эргэн санах гэхээр ууц таллаж, бууз идсэн эсвэл ээж аав, эмээ өвөөгийн стресс бухимдал дүүрэн дүр зураг л сэтгэлд үлдсэн байх вий дээ.
Цагаан сар болдгоороо л болно. Цагийн нугачаа, цасны хайрууг үл анзааран монгол түмэн үеийн үед тэмдэглэсээр ирсэн. Тэмдэглэж ч байх болно. Мандах төрийн малгайгаа тавьж, дэвжих төрийн дээлээ өмсөөд, бүтэх төрийн бүсээ зүүсэн Монгол он оны шинийн нэгний нарыг алга тосон угтах болно. Хүчээр устгах гээд, хорьж боох гээд монгол цусанд шингэсэн энэхүү уламжлалын баярыг хэн ч зогсоож дийлээгүй. Хэнд ч дийлдэхгүй. Дарсан ч, задгай тавьсан ч тэмдэглэж л байдаг цагаан сарынхаа ухааныг нэг олцгооё!
Subscribe to:
Comments (Atom)