Гэнэт нүх рүү унаж байгаа юм шиг ядуурах хэцүү. Гэхдээ хөндлөнгийн шалтгаанаас нь
тодорхой бол бүүр төвөгтэй. Мэдээж тэр нүхнээс аль болох хурдхан гарахыг хүсэвч, авиравч буцаад л ёроолд нь унаад, яаж ч хичээгээд хэзээ ч энэ нүхнээс гарж чадахгүй болчих гээд байгаа юм шиг байх юутай хэцүү. Яг үүн шиг ядуурлаас гарах гээд яаж ч хичээгээд ойрын ирээдүйд олигтой гарц харагдахгүй, бүх хүн тэнгэрт гялалзаад би ганцаараа газарт бүрзийгээд байх шиг санагдах юутай там. Эргэн тойрон эгц хана, хөл доор хүйтэн цэвдэг хөрс. Дандаа ийм л юм харж байгаа хүнд дуу аялах сэхээ байхгүй. Гэхдээ ядрах цагт гар сарвайх нөхөд байнаа. Тээр дээрхи нүхний амсараас доош нь олс буулгаж үзнэ, хүрэхгүй, элдэв арга саам заана болохгүй. Алив чи өөрөө л олигтойхон хичээгээч. Чи л хичээж байж гарна. Тэр ч тийм, гэхдээ л болохгүй байхад. Арга ч үгүй биз. Тэд нүхний ёроолд ямар байдгийг мэдэхгүй юм чинь. Ер нь хүн уначихаад байхад олигтойхон туслачихад яадаг байнаа. Хүн зовж байхад нэмээд шүүмжлээд байх юм. Ингэж бодохоос л уур, гомдол туйлдаа хүртлээ зангирч, яаж дээшээ гарахаа бодохоосоо илүүтэй яагаад надад ийм юм тохиолдчихоод байхад хүн тавлаад байгаа юм гэж ориллоо. Энэ үед өөртөө тохиолдсон зовлонг дааж гарах тэвчээрийн хүлээсийг бухимдал гомдол, ядуурлаа дагасан ухааны мухардал эзэлж хөөрхий дээрээс татах гэж оролдсон нөхөртөө цөхөрлийн үгс чулуудлаа. Тэгэхэд ядуурал давхар тархинд нөлөөлснийг анзаарах ч сөхөө байгаагүй. Гэхдээ найз минь олсоо хаяад, намайг орхиод явчихаагүй ээ. Харин би өөрөө нөхрөө эмзэглүүлсэн том шаналалтай үлдсэн юм. Гэхдээ ядрах цаг байхад дуу дуулах өдөр бас ирдэг л юм даа. Тэр цагт дотроо шаналалтай гаднаа дуулах гунигын дуу аялахтай агаар нэгэн санагдана.
No comments:
Post a Comment