Monday, December 12, 2011

Хүн өмхий гээд . . .


            Айл гэр дотор сайнтай муутай, алагтай цоогтой асуудал зөндөө бий. Тэглээ гээд өрхийн тэргүүн сайн асуудлаар нь дагнаад, муу асуудлыг нь тэр чигт нь хаяад явж болдоггүй. Яалт ч үгүй шийдэж цэгцэлж байж л дараагийнх руугаа ордог. Нийгэм ч ялгаагүй. Социалист ч байна уу, ардчилсан ч байна уу анархист ч байна уу тухайн нийгмийнхээ хоцрогдсон, ядуу зүдүү, өөрсдөө асуудлаа шийдвэрлэж чадахааргүй хэсгээ чирч, дахин тийм давхрага нэмэгдүүлэхгүйн төлөө анхаарч явдаг. Харин манайд энэ асуудлаасаа нүүр буруулж, хэн ч энэ талаар сөхөж ярихыг огт хүсдэггүй, аль болохоор хөндөхгүй байхыг хичээдэг. Жишээлбэл ийм нэг асуудал хаягдсаар өдийг хүрлээ. Энэ бол дэндүү цөөхөн Монголын минь цөөнгүй хэсгийг эзэлдэг төрөлхийн болон олдмол тархины саажилт, хромсомын өөрчлөлт буюу дауны өвчтэй иргэд түүний гэр бүлийнхэн.
            Хэзээ ч эдгэрч босч ирэхгүй, хэзээ ч танд талархахгүй ч тэр хүмүүст тус үнэхээр хэрэгтэй байна. Байнгын эм тариа, асрамж, халамж хэрэгтэй тэдгээр хүмүүсийг гэр бүлийнхэн нь асарч тойлсоор өөрсдөө ч цөхөрч, эдийн засаг, сэтгэл санаа гээд бүх талын уналтанд орсон ч өөрсдийн үр хүүхэд, гэр бүлийн гишүүн болохоор яалтай билээ. Дотроо уйлж, цөхөрч, шаналж яваа тэдний буруу бишээ. Хэдийгээр хүн өөрийн үйлийг өөрөө үүрэх нь үнэн ч хатуухан хувь заяатай эдгээр хүмүүсийг асарч, амьдралаа зориулж яваа нийгмийн тэр л хэсэгт өнөөдөр тусламжийн гар гэж байдаг бол сунгах цаг нь болчихоод байгаа юм биш үү. Нөгөө талаараа энэ асуудал та бидний байхгүй болгохыг хүсдэг ядууралд бодитой нөлөөлж, эрүүл мэндийн салбарын бодлогын доголдлыг илэрхийлж байна. Та бодоод үз дээ. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө цагт энэ асуудлыг шийдэх гарц байна уу. Хамтдаа гарц хайцгаая. “Гадаадын оронд” гэж бид ярих дуртай. Тэнд тэгвэл яадгийг сонирхъё.
            Ургийн оношилгоо хөгжсөн учраас өнөөдөр гадны орнууд тархины хөгжлийн гажигтай байтугай уруул нь сэтэрхий урагийг ч эрт илрүүлж, цаашид хүн болгох эсэх тал дээр эцэг эхтэй нь зөвлөлддөг гэнэ. Тэгвэл энэ олон эхо оношилгооны эмнэлгүүд энэ эмгэгийг эрт илрүүлж чадахгүй байна уу эсвэл ийм эмгэгтэй ураг тээгчид нь өөрсдөө очиж үйлчлүүлж чадахгүй байна уу. Тэр жирэмсэнг хянаж, хяналтанд байлгадаг анхан шатны нэгжүүд тэгээд яг юу хийдэг юм бэ? Ер нь цаашид бид ийм “хүн ургамал” бий болгоод байх уу эсвэл?
            Хүүхэд нь эдгэшгүй өвчтэй, нөхөр нь хаяад явчихсан шаналсан эхэд хаалгаа нээх газар байна уу өнөөдөр. Өвчин нь хүндрээд ирэхийн цагт аль ч эмнэлэг авдаггүй, авсан ч анхаардаггүйн зовлонг тэр эхээс өөр хэн сайн мэдэх вэ? Бид яагаад японд цунами болоход шуугилдаж бөөн юм болдог хэрнээ өөрсдийнхөө нэг хэсгийг ийм хэцүү, уруу дорой амьдарч байхад үл анзаарна вэ? Бид чинь ер нь хэн гээч болчихоо вэ?

Sunday, December 11, 2011

"Миний нийгэм" цуврал - 1


Одоо чинь юуны сезон билээ?

            Нээрээ ингэхэд одоо чинь юуны сезон орж байгаа билээ? Өвлийн хайруу, утааны гашууныг сааруулж он солигдох гэж нэг сайхан баяр болдог. Түүнд л зориулж өвөл болсон юм шиг хүн бүр  юу өмсөх, яаж баярлахаа бодож, энд тэндгүй оны шилдгийг тодруулах ёслолын ажиллагаа хэр хэрдээ хөл хөөртэй болж байгаа. Байгууллага, хамт олон бүр оны шилдгээ шалгаруулж, ёстой нөгөө “шагналын хур” гэдэг шиг өргөмжлөл, тууз, медалийн хур бууна. Түүнтэй зэрэгцэн янз янзын төрийн бус байгууллагууд гэнэт амь орон гарч ирж элдэв төрлийн оны шилдэгүүдийг шалгаруулна. Оны шилдэг улс төрч, оны шилдэг залуу, оны шилдэг эмэгтэй, хаан аав, хатан ээж, олны таашаалд нийцсэн . . . гээд хөвөрч өгнө.  Сүүлдээ бүр “шилдэг” гэдэг үг нь улиг болж, утгаа алдахаар “шилдгийн шилдэг, топ, бест, гран-при, гоулд” ч гэх шиг харь үгс зээлж, нэг нэгнээ өргөмжлөх, бие биендээ цаасан малгай өмсүүлэх өрсөлдөөн өрнөнө. “Шилдгийн шилдэг буюу гран при, шилдэг буюу дэд өргөмжлөлт” зэрэг алиа үгсийг уянгалуулан зарлах хөтлөгчийн хэлсэн болгонд алга ташиж хөгжсөн хүмүүс, инээсэн царай. Тэгэхээр одоо чинь нэг нэгнээ өргөмжлөх хөөрөгдөх сезон эхэлсэн байна гэсэн үг.
Өргөмжлүүлсэн нэг нь жаазтай цаас авсныхаа төлөө хамт олноо архиар дайлах бичигдээгүй хууль бас дайварт нь бий. “За өргөмжлөлөө тэмдэглэхгүй бол алдас болно”, “шагналаа тэмдэглэх ёстой ш дээ” гэх үгсийг хамт олноосоо сонсохоосоо өмнө “өөрөө нэг юм сэтгэх” хэрэгтэй болно. Тэгээд л арабын шах шиг загнаж архи аваад л нийлээд л ууж наргиж өгнө дөө.  Хаашдаа баяр тэмдэглэж уух нь тодорхой байхад давхар архидалтын шалтаг нэмэгднэ. Үүнээс үзвэл өргөмжлөл, торгуулийн бичиг хоёрын агаар нэг мэт. Уул нь үнэхээр нэгийгээ шагнаж урамшуулмаар байгаа юм бол хэдэн төгрөгийг нь өгчихвөл амьдрал ахуйд нь нэмэртэй  байлтай.
Энэ алиа ч юм шиг эмгэнэлт ч юм шиг дүр зургийг хөндлөнгөөс ажихуйд “бид ер нь юунаас таашаал авдаг улс юм бэ?” гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Хүнд ер нь өөрт нь заяасан “магтуулах дур” далдхан “ходоодон мухарт” нь байдаг л даа. Гэхдээ өнөөдрийн байдлыг харвал Монголчуудад энэ дур хэтэрхий их байдаг юмуу гэлтэй.  Тэгэхээр бид чинь ер нь юунаас таашаал авдаг болчихсон юм бэ?
Магтуулж өргөмжлүүлж байж таашаал авдаг болчихоогүй л байлтай. Бидний бий болгохыг хүссэн нийгмийг байгуулчихсан, улс орнуудад зул сар болохоор тэгж их “шагналын хур буугаад байгаа нь харагддаггүй л юмсан. Уул нь нэгнээ үнэлэх магтан урамшуулах нь буруу зүйл биш л дээ. Гэхдээ манайд нэг нэгийгээ шагнах, өргөмжлөх явдал бүр хэтэрч, өрөөсгөлөөр хөгжиж байна. Зарим нэг төрийн бус хэний ч бус байгууллага ил цагаандаа гарч “тийм өргөмжлөлд шалгаруулах гэж байна, нэгдүгээр байр нь тэдэн төгрөг, хоёр нь тэдэн төгрөг”  гээд мөнгөтэй компаниудад санал тавиад явдаг болсон. Тэр талаар сонсоход ч, дараа нь тэрийг нь хэн нэгэн аваад шагнуулж байгааг нь  харахад ч нүд халтирмаар.
            Энд ямар нэгэн уралдаан, тэмцээнийг буруутгахыг хүсээгүйг минь зөвөөр ойлгоорой. Хэрэв шударга болдог бол уралдаан, тэмцээн шиг тухайн салбартаа урам зориг, дэвшил, шинэ санаа авчирдаг өгөөжтэй үйл ажиллагаа байхгүй ээ. Харин энэ өргөмжлөлүүд үү. Тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулж зуун шилдэг улс төрч шалгаруулна л гэнэ, топ 50 улс төрч л гэнэ, оны шилдэг есөн алдартан, ард түмний баатар, нэр нь тодроогүй алдартан ч гэх шиг. Ядаж байхад тэр марзан марзан өргөмжлөлийг авах, цаасан малгай өмсөх хэн нэг нь гараад ирэх юм.
Ямартаа л өнөөдөр манайд энэ төрлөөр дагнасан бизнес цэцэглэж байхав дээ. Хэвлэлийн жижиг компаниудын гол үйлдвэрлэдэг, эрэлт ихтэй бүтээгдэхүүн нь нэрийн хуудас, урилга, янз бүрийн бүтээгдэхүүний хаяг шошго тэгээд өргөмжлөл. Одоо ч тэдний хувьд ёстой өргөмжлөлөөрөө ашиг хийдэг үе нь эхэлсэн байгаа даа.
Бид ийнхүү өөрсдийгөө магтан, бие биенээ өргөмжилсөөр бүхэл бүтэн нэг сарыг өнгөрөөчих юм. Үүний дараа яах вэ? Өргөмжлөл аваагүй нэг нь “түй, хойтон л нэг өргөмжлөл авахаас” гэж бодож байхад авсан нь үнэндээ түүнийгээ ханандаа өлгөх газаргүй, хадгалах гэхээр зай эзэлсэн нэг тийм хэцүүхэн, салхи сэвэлзэхийн төдийд алга болох, сарын дараа л мартагдах сэтэрний батламжирхуу юмтай үлднэ.      
Хэдий болтол бид авъя аа авч болохгүй, хаяя аа хаяж болохгүй энэ баахан элдэв зүйлсээр нэгнийгээ дарж явах вэ? Урамшуулал мэдээж хүнд хэрэгтэй л дээ. Гэхдээ л урамшуулагч нь ч урамшигч нь ч учиртай л баймаар.