Sunday, December 11, 2011

"Миний нийгэм" цуврал - 1


Одоо чинь юуны сезон билээ?

            Нээрээ ингэхэд одоо чинь юуны сезон орж байгаа билээ? Өвлийн хайруу, утааны гашууныг сааруулж он солигдох гэж нэг сайхан баяр болдог. Түүнд л зориулж өвөл болсон юм шиг хүн бүр  юу өмсөх, яаж баярлахаа бодож, энд тэндгүй оны шилдгийг тодруулах ёслолын ажиллагаа хэр хэрдээ хөл хөөртэй болж байгаа. Байгууллага, хамт олон бүр оны шилдгээ шалгаруулж, ёстой нөгөө “шагналын хур” гэдэг шиг өргөмжлөл, тууз, медалийн хур бууна. Түүнтэй зэрэгцэн янз янзын төрийн бус байгууллагууд гэнэт амь орон гарч ирж элдэв төрлийн оны шилдэгүүдийг шалгаруулна. Оны шилдэг улс төрч, оны шилдэг залуу, оны шилдэг эмэгтэй, хаан аав, хатан ээж, олны таашаалд нийцсэн . . . гээд хөвөрч өгнө.  Сүүлдээ бүр “шилдэг” гэдэг үг нь улиг болж, утгаа алдахаар “шилдгийн шилдэг, топ, бест, гран-при, гоулд” ч гэх шиг харь үгс зээлж, нэг нэгнээ өргөмжлөх, бие биендээ цаасан малгай өмсүүлэх өрсөлдөөн өрнөнө. “Шилдгийн шилдэг буюу гран при, шилдэг буюу дэд өргөмжлөлт” зэрэг алиа үгсийг уянгалуулан зарлах хөтлөгчийн хэлсэн болгонд алга ташиж хөгжсөн хүмүүс, инээсэн царай. Тэгэхээр одоо чинь нэг нэгнээ өргөмжлөх хөөрөгдөх сезон эхэлсэн байна гэсэн үг.
Өргөмжлүүлсэн нэг нь жаазтай цаас авсныхаа төлөө хамт олноо архиар дайлах бичигдээгүй хууль бас дайварт нь бий. “За өргөмжлөлөө тэмдэглэхгүй бол алдас болно”, “шагналаа тэмдэглэх ёстой ш дээ” гэх үгсийг хамт олноосоо сонсохоосоо өмнө “өөрөө нэг юм сэтгэх” хэрэгтэй болно. Тэгээд л арабын шах шиг загнаж архи аваад л нийлээд л ууж наргиж өгнө дөө.  Хаашдаа баяр тэмдэглэж уух нь тодорхой байхад давхар архидалтын шалтаг нэмэгднэ. Үүнээс үзвэл өргөмжлөл, торгуулийн бичиг хоёрын агаар нэг мэт. Уул нь үнэхээр нэгийгээ шагнаж урамшуулмаар байгаа юм бол хэдэн төгрөгийг нь өгчихвөл амьдрал ахуйд нь нэмэртэй  байлтай.
Энэ алиа ч юм шиг эмгэнэлт ч юм шиг дүр зургийг хөндлөнгөөс ажихуйд “бид ер нь юунаас таашаал авдаг улс юм бэ?” гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Хүнд ер нь өөрт нь заяасан “магтуулах дур” далдхан “ходоодон мухарт” нь байдаг л даа. Гэхдээ өнөөдрийн байдлыг харвал Монголчуудад энэ дур хэтэрхий их байдаг юмуу гэлтэй.  Тэгэхээр бид чинь ер нь юунаас таашаал авдаг болчихсон юм бэ?
Магтуулж өргөмжлүүлж байж таашаал авдаг болчихоогүй л байлтай. Бидний бий болгохыг хүссэн нийгмийг байгуулчихсан, улс орнуудад зул сар болохоор тэгж их “шагналын хур буугаад байгаа нь харагддаггүй л юмсан. Уул нь нэгнээ үнэлэх магтан урамшуулах нь буруу зүйл биш л дээ. Гэхдээ манайд нэг нэгийгээ шагнах, өргөмжлөх явдал бүр хэтэрч, өрөөсгөлөөр хөгжиж байна. Зарим нэг төрийн бус хэний ч бус байгууллага ил цагаандаа гарч “тийм өргөмжлөлд шалгаруулах гэж байна, нэгдүгээр байр нь тэдэн төгрөг, хоёр нь тэдэн төгрөг”  гээд мөнгөтэй компаниудад санал тавиад явдаг болсон. Тэр талаар сонсоход ч, дараа нь тэрийг нь хэн нэгэн аваад шагнуулж байгааг нь  харахад ч нүд халтирмаар.
            Энд ямар нэгэн уралдаан, тэмцээнийг буруутгахыг хүсээгүйг минь зөвөөр ойлгоорой. Хэрэв шударга болдог бол уралдаан, тэмцээн шиг тухайн салбартаа урам зориг, дэвшил, шинэ санаа авчирдаг өгөөжтэй үйл ажиллагаа байхгүй ээ. Харин энэ өргөмжлөлүүд үү. Тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулж зуун шилдэг улс төрч шалгаруулна л гэнэ, топ 50 улс төрч л гэнэ, оны шилдэг есөн алдартан, ард түмний баатар, нэр нь тодроогүй алдартан ч гэх шиг. Ядаж байхад тэр марзан марзан өргөмжлөлийг авах, цаасан малгай өмсөх хэн нэг нь гараад ирэх юм.
Ямартаа л өнөөдөр манайд энэ төрлөөр дагнасан бизнес цэцэглэж байхав дээ. Хэвлэлийн жижиг компаниудын гол үйлдвэрлэдэг, эрэлт ихтэй бүтээгдэхүүн нь нэрийн хуудас, урилга, янз бүрийн бүтээгдэхүүний хаяг шошго тэгээд өргөмжлөл. Одоо ч тэдний хувьд ёстой өргөмжлөлөөрөө ашиг хийдэг үе нь эхэлсэн байгаа даа.
Бид ийнхүү өөрсдийгөө магтан, бие биенээ өргөмжилсөөр бүхэл бүтэн нэг сарыг өнгөрөөчих юм. Үүний дараа яах вэ? Өргөмжлөл аваагүй нэг нь “түй, хойтон л нэг өргөмжлөл авахаас” гэж бодож байхад авсан нь үнэндээ түүнийгээ ханандаа өлгөх газаргүй, хадгалах гэхээр зай эзэлсэн нэг тийм хэцүүхэн, салхи сэвэлзэхийн төдийд алга болох, сарын дараа л мартагдах сэтэрний батламжирхуу юмтай үлднэ.      
Хэдий болтол бид авъя аа авч болохгүй, хаяя аа хаяж болохгүй энэ баахан элдэв зүйлсээр нэгнийгээ дарж явах вэ? Урамшуулал мэдээж хүнд хэрэгтэй л дээ. Гэхдээ л урамшуулагч нь ч урамшигч нь ч учиртай л баймаар.

No comments:

Post a Comment