Ээж аавын минь даралтыг ихэсгэж, сэтгэлийг шаналгадаг нэг баяр, баяр ч гэж дээ өвлийн төгсгөлийн томоохон асуудал бол яалт ч үгүй цагаан сар. Бэлгэ, дээл хувцас, хоол унд гээд. Ер нь бол миний хүүхэд байхаасаа анзаарсан туршлагаар тэр нэг сарын гуравхан хоногт манайх бүтэн сар хагаст идэж уух хоол хүнстэй тэнцэхүйц зардал гаргадаг. Араас нь зутруухан, зэгийсэн, өлөн зэлмүүн урт хавар залгахгүй юм шиг л. Тэгээд л тэр бүтэн богийн гуяар бууз, хэдэн шуудай гурилаар боов хийх, цэвэрлэж угаах гээд наад их нүсэр ажлыг нь бодохоор цагаан сарыг хүсэн хүлээхээсээ үзэн ядах, залхах мэдрэмж төрсөөр хүүхэд нас минь дууссан. /Одооны хүүхдүүдэд ч бас тэгж санагддаг биз./
Одоо бол өөрөө. Яаж ээж, аав дээрээ тулдаг тэр нүсэр ачаанаас нь хөнгөлөлцөөд, нүүр бардам цагаан сарыг өнгөөрчихөв, ядаж, дутдаг цалингаасаа золголтын мөнгө яаж илүүчилж хүргэх вэ? гээд л эцэс төгсгөлгүй сэтгэлийн дарамтанд шинэ жил өнгөрөөгөөд л орчихно. Мэдээж энэ асуудал ганцхан надад тохиолдоггүй нь ойлгомжтой. Ер нь хөгшин хөвөөгүй, хүүхэд залуусгүй дарамтанд орон орон ингэж нүсрээр тэмдэглүүлж чаддаг энэ гайхамшигтай уламжлалыг яагаад өөрчилж шинэчилж, хялбаршуулж болдоггүй бөгөөд жилээс жилд улам л хүндрээд байдаг юм бол оо?
Цагаан сарын талаар намар тэмдэглэдэг байснаа хавар болгох хааны зарлиг гаргасан тухай л домог төдий яриа байдгаас заавал ингэж тэмдэглэ гэж бичээгүй, бичигдээгүй энэ хууль яагаад жилээс жилд улам л хатуу хэцүү болоод байна вэ? Бид энэ бичигдээгүй хуулиндаа өөрсдөө хүлэгдэж, өрөөлд чирэгдсээр хичнээн цагаан сарыг үдэх вэ?
Уул нь сар шинэ бол сэтгэлийн баяр, бэлгэдлийн баяр. Нүүдэллэж талаар нэг тарсан ахан дүүс хайруу өвлийг өнөтэй давсны, хамаатан саднаа үр ачдаа мэдүүлэх гэсний, ургийн удмын баяр. Орчин цагт нүүдэллэхээ байсан ч эсэн мэндээ интернэтээр мэдэлцдэг болсон ч элгэн саднаараа золгох, ахмад настандаа хүндэтгэл үзүүлэх хүмүүний эгэл ёсны л сэтгэлийн таашаал. Энэ ч утгаараа хүн бүр баярын утгаа дээдэлж, сэтгэлийн мухар дахь бие биенээсээ илүү гарах, нэр нүүрээ тахлах, өнгө мөнгөөр дүгнэх гэдэг албин ойлголтоос уламжлалын баярыг чөлөөлж, энгийн хөнгөн, час хийсэн цагаан сартай болцгоовол ямар вэ?