Wednesday, January 4, 2012

Томчуудын “Яагаадхан”


            Өнөөдөр иргэн бидэнд ойлгогдохгүй, мэдэхгүй юм зөндөө байдаг. Өрөөлөөс ч асуугаад мэдэхгүй, өөрөө ч судлаад ч хариулт нь олдохгүй толгойноос давсан их асуудал байх юм. Тэгсэн мөртлөө хаячихаж болохгүй, сонирхол татаад, сонин санагдаад яг л хүүхэд шиг яагаад?, яагаад? гээд мэддэг мундгуудыг нь ээрээд гүйчихмээр, гэхдээ бас тэр мундаг нь аль нь вэ? гэж төөрөхөөр. Жишээлбэл:
- Өнөөдөр ийм олон шилдэг улс төрч байгаа юм бол бид ЯАГААД ядуу амьдраад байгаа юм бэ?
-  Ийм олон зурагтаар ЯАГААД өнөөдөр үзэх юм олдчихгүй байгаа юм бэ?
- Тийм олон тэрбумын зээлийг жижиг дунд бизнесийнхэнд олгоод байхад ЯАГААД тэд гомдоллосоор байна вэ?
- Замын үүдээр өдөрт хэдэн зуун контейнер элдэв бараа орж ирж байхад хэдэн дотоодын үйлдвэрлэгчид ЯАГААД “ганц жаран ес” –өөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ урагш нь гаргаж болдоггүй юм бэ?
- Манай улсын хил гаалиар ганц ч өрөөсөн ээмэг орж ирсэн мэдүүлэг байдаггүй байхад ЯАГААД манай үнэт эдлэлийн зах зээлийн 80% нь импортын бүтээгдэхүүнийх юм бэ?
- Хамгийн их нүүрсний баялагтай Монголчууд өнөөдөр ЯАГААД өндөр үнэтэй түүхий нүүрс түлээд, түүндээ угаартаад сууна вэ?
- Засгийн газрын толгой чиглэл нь ард түмэн рүүгээ харсан мэт боловч ЯАГААД их бие нь, дунд шатны хурган дарга нь бөгсөө ард түмэн рүүгээ харуулчихсан байдаг юм бэ?
- Эрүүл мэндийн салбарынхан өөрсдөө ЯАГААД гадаадад очиж эмчлүүлээд, ЯАГААД гадаадын дүүргийн эмнэлэг рүү “эрүүл мэндийн аялал” зохион байгуулаад байдаг юм бэ?
- Цагдаа хуулийн байгууллага ЯАГААД залхаалтаар ажлаа явуулж, хүнд суртал үүсгэдэг юм бэ?
- Төрийн байгууллагад ЯАГААД хамаатнууд бөөнөөрөө ажилладаг юм бэ?
- Дипломтой хүмүүс ЯАГААД ингэтлээ их ажилгүй байдаг юм бэ?
Яагаад, яагаад, яагаад вэ? Хэ хэ. Ингээд дуулаад эхлэхээрээ би өөрөө ч яагаад байгаагаа ойлгохоо байчих юм.

No comments:

Post a Comment