Thursday, April 19, 2012

Алдагдсан үнэт зүйл


            Би ер нь юунд ч итгэхээ больчихож ээ. Өдий наслахдаа үзэх юмаа үзэж, хашир сууж яваа  л гэж бодсон ч бас л болоогүй бололтой. Хаширлаж хаширлаж “за одоо л нэг баараггүй боллоо доо” гэж бодоход бас л байхгүй. Дахиад л хулхидуулчихсан байх юм. За ялангуяа мөнгийг бол гар дээрээ тавьсан хойно нь имэрч үзэж байж л сая мөнгөтэй болсондоо итгэх юм. За тэгээд зурагт, радиогоор, энэ сонингуудаар байнга худлаа ярьдаг дарга нар, мөрөөдөл дээр минь тоглосон намуудын мөрийн хөтөлбөр, адгийн наад зах нь байгууллагынхаа даргын ярихыг л сонсох бүрт улам л юманд итгэхээ больж байна дөө. Бүр сүүлдээ эхнэртээ хүртэл эргэлзэж эхлээд байна. Ер нь ч “амь үнэнч, авгай худалч” гэж мундаг хэлсэн байгаа юм шүү. Явж явж хүн гэдэг чинь хар толгойдоо л үнэнч үлддэг юм байна. Дээр яасан. Тогны мөнгө, хүүхдийн төлбөр, хөргөгч хоосон гээд л эхнэр үглэдгээрээ үглэсээр байгаад аваанзны мөнгөнөөсөө арвыг ч цааш нь хийж чадалгүй бүгдийг нь өгчихсөн. Энэ картаар цалин олгодог балай юмнаас болоод яаж тэр АТМ-ээс нь авахыг нь мэдэхгүй юм. Эхнэр ч яахав шуналтай юм болохоороо дор нь сурчих юмаа. Гэтэл би гэдэг хүн хаа нэг ганц шил юмны мөнгө зохицуулж үлддэг байснаа энэ карт гэж гайнаас болоод чадахаа байчихаад байна. Тэгээд эхнэртээ үнэнчээр бүх цалингаа тушаачихаад явж байтал нөгөө үглээд нэхээд байдаг олон юмныхаа өр төлбөрийг өгчихөөгүй байвал яах уу? Яагаад өгөөгүй юм бэ? Гэсэн чинь ажил дээрээ баахан орифлеймийн сүлжээний тос авсан өрөө өгчихсөн байгаа юм даа. Бас тэгээд надад сахлын хөөс авсан гээд байгаа. Би яахав дээ. Барааны саван түрхээд ч болхноо сахалнаасаа бол салчихна ш дээ. Харин энэ хормой хотноос чангаасан сар болгон босч ирдэг энэ өрнөөс л толгой өвдөхгүйхэн шиг салчихдаг болох юмсан л гэж яваад байхад. Нэгнийхээ ингэж бодож байгааг ойлгохгүй, хэрэгтэй хэрэггүй баахан тос авчихаад дахиад өртэй сууж байж болох уу энэ чинь. Нэг нь өдөр шөнөгүй ажиллаад хулгай хийхээс наахнуур амьдарч байхад нөгөөх нь ингээд элдэв аргатай юмнуудын ятгалганд ороод үр хүүхдийнхээ төлбөр мөнгийг ч төлөхгүй эхнэр хүн гэж байх уу?
Энэ муухай цагт хар толгойдоо л найдсан нь дээр гэдгийг энэ мэт жишээ батлаад байгаа юм даа. Тэртээ тэргүй өдөр шөнөгүй ажиллаад л байхад улам л ядуураад байна ш дээ энэ чинь. Уул нь ажиллаад л байвал амьдрал сайжирна гэж итгэж явсан юмсан. Хэт их итгэсэн юм бүтэхээ байх, найдаж явсан найз “тонгорох” ямар хэцүү гээч. Одоо бүүр сайн ажиллах гээд мэрийж явсан цаг хугацаа минь хамгийн тэнэгээр өнгөрүүлсэн он жилүүд шиг санагддаад байдаг болчихсон гээд л бодчих. Тиймээс би цалиндаа тааруулж ажиллаж байхаар шийдсэн. Тэртээ тэргүй их ажиллаа гээд цалин нэмэхгүй, харин ч бүр илүү ажиллуулах гээд шаардахыг нь яана аа. Биднийг робот, өөрсдийгөө хүн гэж хардаг болцгоочихсон юм байх даа.
Ямар нь нүдэн дээр баяжаад, ямар нь ажиллаад л байгаа мөртлөө ахиж шалидаггүй юм бэ? Зарим нь энэ орон сууцыг давхраар нь, орцоор нь худалдаад авчихаж байна ш дээ энэ чинь. Идэж уухаа хүртэл онгоцоор зөөлгөөд, эмчилгээ сувилгаагаа хүртэл гадаадад хийлгээд явж байхад бид гэж гутлын резин чанаж идэхээс наахнуур л амьдарч байхын. Шударга бус байгаа биз дээ. Тэгээд энэ бүхнийг нь сайжруулна гээл худлаа ярьцгаагаад л өөрсдөө баяжаад муусайн олигархууд!
            Тэгээд идэж уух мөрөөрөө идэж уугаад цаагуураа явж байхгүй зүгээр байгаа надаар заавал сонгууль өгүүлж, зүгээр л ядаж яваа миний амьдралаар шоудаж, хүний хэрэгт хэт их оролцохыг нь яана аа. Дээхнэ үед хар гэртээ хаан, бор гэртээ богд болж чаддаг байсан юмсан. Өнөөдөр энэ янз бүрийн юм ярьсан нөхдүүд бор гэрт минь хүртэл зурагтаар орж ирчихээд олон юм яриад уур хүргээд байх юм. Үзэхгүй байя гэхээр чадахаа байталаа хамааралтай болчихсон энэ их мэдээллийг яг аль нь зөв, аль нь бурууг ялгаж салгахад хүч мөхөстөөд байх юм. Ер нь эд нарт итгэж нээрвтэснээс зурагтаа гаргаад хаячихвал шулуухан ч юм уу. гэхдээ бас чадахгүй байнаа. Яг уур хүрээл сувгаа солих гэхээр бас ч үнэн юм яриад л, нээрээ энэ нөхөрт бусад нь саад болохоо байчихвал байдал аятайхан ч болчих гээд байгаа юм шиг, тэр нэг шав тавьж ёсолсон байшин нь босчихвол олон хүний асуудал шийдэгдчих ч юм шиг. Тэгээд л дараа нь харахаар бүгд худлаа шоу байхаар нь бүүр уур хүрээд. Иймэрхүү юм сонссоор байтал сүүлдээ бүүр чихний оронд цэцэг ургах нь. Хүн бүр толгойныхоо хоёр талд цэцэгтэй болчихвол бас зүгээр ч юм уу. Хот нь өнгө ороод. Хэ хэ. Хот гэснээс Туул голыг сэргээнэ гэнэ ээ. Ай мэдэхгүй. Хүн хийж чадаагүй ажлыг нь одоо минж хийх юм гэнэ. Энэ янзаараа бол удахгүй гадаадаас баахан амьтан оруулж ирээд мань мэт нь ажилгүй болж, азтай нэг нь амьтан маллагч болох юм байна л даа. Ямар нэгэн юм хийж эхэллээ, мундаг гоё сайхан болгоно гэж ярихаар нь л за энэний цаана ямар луйвар, булхай нуугдаж байгаа бол гэж өөрийн эрхгүй бодогдоод байх юм. Аягүй бол тэр минжнүүдийг арслангийн үнээр төсөвлөж авчирсан байгаа даа. Муусайн луйварчид. Эх орноо худалдагчид. Үр хүүхэдгүй юм шиг хамаг юмаа зарж үрээд. Өөрсдөө ч яахав үр хүүхдээ аваад гадаадад гараад сайхан амьдарчих юм байгаа биз. Бид дараа нь яах болж байна аа. Энэ янзаараа бол Монгол улс гэж байх нь уу, үгүй юу гээд гол гол юмаа ерөөсөө бодохгүй юм.  Явж явж энэ бүхэн дээрээс зохицуулалт байхгүй, төрд дан хувиа хичээсэн, алсын хараагүй юмнууд гарчихснаас л болж байгаа юм ш дээ. Харин би ийм дуракууд яаж төрд гарчихав аа л гэж гайхаад олохгүй юм. Аягүй бол “ар өврийн хаалга” –аар л явсан даа. Мань шиг шударгаар хөдөлмөрлөж шат ахиагүй нь ерөөсөө тодорхой. Энэ бол миний л гаргалгаа шүү.

Thursday, April 12, 2012

Хуваагдсаар байх уу?


            Нийгэм талцаж хуваагджээ. Намууд ба төрд. Уламжлалт сэтгэлгээ эрчүүдийг хохироожээ. Дипломтой ганц бие бүсгүйчүүд ба ажилгүй залуучууд. Сая төгрөг авах азтай хүмүүсийг бас ангилжээ. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Аливаа хуваагдал үзэл бодлын зөрүүгээс үүддэг. Өөрсдийнхөө зөвийг батлахын тулд өрсөн тэмцдэг. Ийм л энгийн шалтгаанаар өнөөдрийн хагарлын үүд нээгдсэн. Хэн нь ялахаа үзэн тэмцэж байхдаа хэвлэл мэдээлэл гэж хүчтэй зэвсэг байгааг олж мэдсэн. Тэгээд талууд энэ зэвсгийн өрсөн гартаа оруулж, өөрсдөө үйлдвэрлэж эхэлсэн. Телевиз, сонин, сэтгүүл “зохиогоод”, хэт олноор нь  үйлдвэрлээд зөвхөн өөрсдийг нь магтан дуулдаг, хүнээр бол “хөгжлийн бэрхшээлтэй” хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бий болгосон. Түүгээрээ цөөхөн иргэдийнхээ тархийг угааж эхэлсэн. Олон жилийн уйгагүй угаалтын үр дүнд зүгээр гэртээ хоолоо идээд сууж байгаа хүн зурагт үзээд л уур нь хүрдэг болсон. Талцал нь бүр дайсагналцалд хүрч алиных нь ч зөв нь мэдэгдэхгүй, жирийн иргэн, жигүүртэн намтан нь ялгагдахгүй бөөн бужигнаан. Яг юуг шийдэх гээд, яг юунаас болоод ийм хэрүүл боллоо гэж эргэж харахын ч аргагүй болжээ. Хэзээ ч ялагчгүй эр эмийн хэрүүл шиг.
Нэгдэлтэй байхдаа хүчтэй гэдгээ мэддэг ч нэгэндээ буугаад өгчихвөл үхчих гээд байгаа юм шиг нөхдүүдээс болоод улсын минь тусгаар тогтнол усаар, эдийн засгаар, эрх мэдлээр, хоол хүнсээр алгуурхнаар харийнхны хоол болж байна. Хэзээ ч дуусахгүй дайсагналдаа зарцуулах мөнгөө атгасан төрийн механизмаасаа аль нэг эрх мэдлээрээ дамжуулж цус сорогч шиг сорсоор улс орон нь тамирдан туйлдаад ирэхээр, өвчтэй эхийнхээ чихэн дэх ээмгийг мулталж аваад зарж үрэх хуншгүй үрийн зангаар газар нутгийнхаа баялгийг харийнханд зүгээр шахуу өгч эхэллээ. Хоёр сая долоон зуун мянган хүний хоёр хүрэхгүй хувь нь л энэ бүхнийг хийж, энэ бүхэнд оролцож, ийм муухай ирээдүйг бий болгож байна. Та бид чинь тархитай хүмүүс. Үнэнд дурлах мөн чанар минь өнөөдөртөө устаж үгүй болчихоогүй байна.
Олонхи нь шийдвэл цөөнх нь дагадаг нийгэмд азаар та бид амьдарч байна. Тиймээс олонхи болсон жирийн ард иргэдээ битгий улс төржөөрэй. Хүсэх гуйх л юм тэр байна. Тэр цөөнх удахгүй ээ. Хийсэн нүгэл, гацаасан хөгжил, үйлдсэн үйлийнхээ үрийг үүрээд дотроосоо идээлээд эхэлснийг нь бид харж байна. Битүү нэрсэн хор саваа нэвчдэг шиг тэдний “өрөвсөл” нь хурцадсан өнөө үед та бид хэнийх нь ч талд орж, дагаж ханарах, ойшоож дэмжих, өрөвдөх огтхон ч шаардлагагүй шүү. Зүгээр л өмнөхөө хийгээд өнөө жилийнхээ төлөвлөгөөнийхөө дагуу л явцгаая. Тэд олон нүгэл үйлдсэн учраас ялтай. Булавч үл дарагдах үйлийн үр гэж бий.  Гэхдээ тэрнийг нь манай тоглоомын шүүх засаглал биш хувь заяа нь яллаж шийтгэчихнэ. Хавар болж байна, цаг наашилж байна. Бид сайхан амьдрах ирээдүйтэй, хувьтай иргэд. Энэ байдлаас сургамж аваад ирээдүйнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө хийдгээ хийгээд улстөржилгүй, тэднийг анхаарч оодруулалгүй, зүгээр л энгийн сайхан амьдарцгаая.  

Monday, April 2, 2012

Хаширах уу, Хошгирох уу?


        Тарвага ер нь сонин амьтан. Хаширдаггүй. Төрөлхийн хэтэрхий сониуч зан нь тэр амьтныг үеийн үед баллаж байна уу гэмээр. Бод л доо. Буутай анчин нэг цагаан юмаар даллахаар сонирхоод, ардаа нуучихаар нь бүр хойд хөл дээрээ зогсож байгаад өнгийж харах гээд хичээгээд л. Тэгж байгаад нам авахуулна даа хөөрхий. Тэр тарваганы аав нь ч тэгж үхсэн, ээж нь ч тэгж үхсэн, аягүй бол бүх хамаатнууд нь ч тэгж үхсэн байгаа. Угаасаа хаширдаггүй тэр тарваганы  дараагийн үе нь бас тэгж үхэх нь тодорхой. Үеийн үед энэ сониуч занг нь занга болгон ашиглаж авлаж, махсаагаа гаргаж ирсэн хүмүүс сүүлдээ хоёрхон ангилалд хуваагджээ. “Тарваганы маханд нугасгүй”  үнэ хайрлахгүй авч иддэг нэг хэсэг байхад өчнөөн янзаар боловсруулж, боодог, ялбаг шалбаг ч билүү хийдэг мэргэшилтнүүд буюу бараг л удам дамжсан тарвагачид болох нөгөө хэсэг бас бий. Тэд бие биенийхээ хэрэгцээ шаардлагыг ханган, зохицон амьдарсаар өнөөдөр  бүр бизнесийн нэг хэлбэр болтлоо өргөжсөн байна.  Энэ ердөө л тарваганы сониуч зан дээр суурилсан зах зээл гэж бодохоор өрөвдмөөр. /өвгөн анчны яриа байж болно /
Сүүлийн үед тарвага ба Монгол хүн хоёрт нэг нийтлэг зүйл ажиглагдаад байх боллоо. Ер хаширдаггүй. Хошгироод л. Хөөрхий тарвага хошгирч байгаад өөрөө үхээд дуусдаг бол бид хошгироод, хохироод, хошгироод хохироод, тэгээд үглээд дуулаад, өрвийж босч ирээд дахиад хошгироод л. . .  Бодоод үз дээ. Тийм л байгаа биз дээ. Тарваганы ганц хошгиролт амийг нь авч байхад бидний байн байн хошгирох  дөрөв дөрвөн жилээр амьдралыг минь авч  байна. Үүний шалтгааныг хайгаад үзэх үү? Магадгүй Монгол хүн хэдэн үеэрээ махыг нь идсээр тарвагатай адилхан шинжтэй болсон байж болох л юм.  Гэхдээ бид чинь  бас хонь, үхэр, морины мах иддэг шүү дээ. Тэгэхээр зэрэг говийнхон тэмээрхүү, хангайнхан сарлагархуу  . . . за за больё, бүр хадуураад унах нь.
Удахгүй их хошгируулалт эхэлнэ. Эхлэнэ ч гэж дээ, аль эрт эхэлчихээд байна. Харин та дахиад л хошгирох гэж байна уу?  Хошгироход бэлэн болчихсон байна уу? Ер нь заавал хошгирох гээд л байна уу? Тэгвэл дахиад л хошгир доо. Харин үүнийхээ төлөөсөнд дараагийн сонгууль болтол гарах үр дагаварыг нь өөрөө л үүрээрэй. Бурууг нь олж харсан, эрүүл шинэ нийгэмд амьдрахыг хүссэн бусдыгаа болон өөрийн үр хүүхдээ давхар бас хохироохгүй байхын тулд сайтар тунгаагаарай. Өөрөөр хэлбэл таны сонголт ямар их хариуцлага дагуулдагийг өнгөрсөн сонгуулийн үр дүн таньд харуулаад өгчихсөн байхад дахиад тэнэг алхам хийж бусдыгаа бүү чирээрэй л гэж хэлэх гээд байна л даа.
Энд бас нэг амьтныг дурдахгүй бол болохгүй нь. Түүнийг бясаа гэнэ. Аль л тохитой тухтай, халуун дулаан, идэш хоол элбэгтэй газар амьдардаг тэр амьтан шөнөөр хүний цусыг сорохдоо гаргууд. Цус сорсныхоо дараа хөдлөх ч тэнхэлгүй болчихоод бэлцийж хүрэнтээд цатгалдаад байж байсан хэрнээ гэрэл гарангуут яаж ийгээд алга болчихно. Гэрэл асаасан нөхөр бясаанд хазуулж соруулснаа мэдсэн ч яг хаанаа хазуулаад хэр их цусаа соруулчихснаа яаж хохирсноо ойлгохгүй өнгөрнө. Маргааш  өдөр гэрэлтэйд булан тохойгоо сайн онгичиж,  үүрийг нь олоод, халуун усаар шалзалж, шөнө бүр зовоодог тэр муу бясаануудыг хүйс тэмтрэхээр шийдээд буцаад нам унтана. Гэвч дараагийн шөнө бүх юм бахь байдгаараа.
Энэ жилийн хаврын урьтай хамт их сонгуулийн цаг ирж байна аа... Энэ бол төрд шургалсан олон “бясаа”-ны үүрийг сэндийчиж, цэвэрлэх боломж тохиож байгаагаараа юу юунаас ч илүү үнэ цэнэтэй мөч. Одоо л тэр “бясаа” –нуудыг  “халуун усаар шалзалж”, “хор цацаж” цэвэрлэж авахгүй бол дахиад дөрвөн жил бидний “цусыг сорно”. Гэвч тэдгээр “төрийн бясаа” –нууд дулаан үүрээ, тухтай суудлаа эвдүүлэхгүйн төлөө, болж өгвөл дахиад дөрвөн жил тэндээ хорогдчихын тулд биднээс урьтаад хөдөлчихсөн, сул талуудыг маань судалчихсан элдвээр тархи угаагаад, бас хоорондоо хөлөө жийлцээд эхэлчихсэн байна.
Хүний хамгийн хэцүү мэдрэмж юу гээч? Бусдын өмнөөс ичих. Ёстой яаж ч болдоггүй юм чинь тэр гэдгийг сүүлийн үед ямар их мэдэрч байнаа. Гэнэт шударга царайлаад адилхан нэгнийхээ булхайг өнөөдөр л олж харсан юм шиг олон нийтэд зарлаад, тэр нөхрөөс л болж бүх асуудал үүсчихсэн мэт ойлгуулах гээд мэрийгээд. Ер нь тэр хүн муулж байгаа нөхөр  өмнө нь, цаг тухайн үед нь асуудлаа ярихгүй дуугүй байж байчихаад яагаад өнөөдөр гэнэт зарлаад, дэлгээд эхлэв ээ? Түүнээс гадна тэр нөхөр өөрөө 100% ариун явдалтан байж чадах уу?  Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхна гэгчийн үлгэр мэт хөндлөнгөөс харагдахын сацуу нэг нь нөгөөгөөсөө илүү хуншгүй загнахыг нь харахаар өмнөөс нь ичээд байх юм.
 Танд бас зөвлөхөд “ард түмэндээ дэндүү хайртай” , “ядуу хүмүүсийн төлөө санаа нь байнга зовж” түүнийгээ байнга ярьж яваа улс төрчдөөс, тэр дундаа танд юм өгөх гээд байгаа нөхдүүдээс илүү их айж яв. Тэд чинь л хамгийн аюултай хүмүүс. Хэрэв ямар нэгэн гай таараад тэдний ярьж байгаа нээрээ ч үнэн юм шиг санагдаад эхэлбэл та бушуухан эмчид хандаарай. За за тоглосон юм. Эмчид хандах нь ч юу юм зүгээр л тухайн нөхөрт анализ дүгнэлт хийгээрэй. Хэн юуны тухай, ямар байр сууринаас юу гэж хэлэх гээд байгааг нь сайн ойлгох гээд нэг үз дээ. Зөвхөн улс төрдөө л, тэр саарал байшиндаа л байдаг хүн юу болоод гэнэт гараад ирэв, ямар нийгэмлэг, төрийн бус байгууллагад хамаарагдчихсан байна,  Ямраар хүмүүст харагдах гээд байна вэ? гээд л тал талаас нь сайн ажиглаарай. Цаана нь, ходоодных нь мухарт ямар нэг эрх ашиг, танд надад таалагдах гэсэн хүсэл байж л байгаа. Битгий тоогоорой.  Ер нь болж өгвөл та сонгууль дуустал телевиз үзэхгүй, сайхан ярьсан хүмүүсийн үгийг сонсохгүй байвал туйлын сайнсан.
Та ч бас өөрөө болж өгвөл хүнээс ямар нэг юм үнэгүй авчих гээд байдаг өлөв долов гэсэн зангаасаа, хэн нэгэн ирээд сайхан байр орон сууцтай болгоод, хэзээ ч дундардаггүй хөргөгч аваад өгчих юм шиг сэрүүн мөрөөдлөөсөө одоо салж үз. Нар баруунаас гарахгүй шиг таны энэ мөрөөдөл биелэхгүй. Та өөрөө хөдөлмөрлөж, уйгагүй оролдож байж мөнгө олох аргаа олохгүй бол цаг хугацаа өнгөрсөөр, гуйлгачин амьдрал чинь улам л уруудуулж доройтуулсаар, архинд орж, ад болж төгсөх болно. Энэ бол зүгээр сууж мөнгө олох гэсэн хүслийн чинь үр дагавар, өөрийнхөө төлөө хуруугаа ч хөдөлгөөгүйн чинь шан болохоос таны дэргэд хөдөлмөрлөсөөр сайн сайхан амьдарч байгаа, хажуугаар чинь сайхан хувцаслаад, сайхан машин унаад танихгүй өнгөрөх нэгний буруу биш ээ. Тэгэхээр та одооноос зөвхөн өөртөө итгэж, зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлө. Дахин хэлэхэд таны төлөө гээд байгаа, таныг хайрласан өрөвдсөн, эрх ашгийг тань хамгаалж, энэрч, халамжлах гэсэн хүмүүсээс айж зугтаж яв. Энэ цөвүүн цагт зөвхөн өөртөө, хар толгойдоо л итгэж амьдар. Тэгвэл алдсан ч өөртөө л гомдохоос биш хэн нэгэнд хар санаж, ядаж сэтгэлдээ нүгэл хураахгүй. Ямар амьдрах чинь ганцхан танаас л хамаарна. Бидний хүрэх гэсэн ардчилалын үнэ цэнэ энд л оршиж байгаа. Хөдөлмөрлөвөл, ухаалаг, овсгоотой байвал бүх хүнд боломж нээлттэй сайхан нийгэм биднийг тосон хүлээж байна. Мэдээж элдэв хэцүү бэрхшээл асуудал тулгарна л даа. Гэхдээ хүн бүр зөв үзэл бодолтой, зөвөөр хоолоо олдог, бусаддаа ч зөв шаардлага тавьчихдаг болчихвол бүх юм аандаа л бүтээд ирнэ. Одоо тэрний өмнөх багахан саадыг тэсвэртэйгээр давцгаая. Тийм нийгэм рүү хамтдаа орохын өмнө шинэ жилдээ өнгөтэй сайхан байхыг  билэгдэж, хир буртгаа цэвэрлэн, хувцасныхаа тоос шороог гүвдэг өвөг дээдсийнхээ ёсыг дагаж, ирэх сонгуулиар “нийгмийн бясаа, тэдгээрийг үржүүлдэг хувалзнууд” –аас салцгаая.  Ингэхийн тулд өөртөө л үнэнч байж, бодит байдлыг  томруулдаг шил, LCD, Plazma,  Led дэлгэцээр харж биш өөрийнхөө нүдээр харж, оюунаар тунгааж, сонгуульдаа хариуцлагатай  хандъя. Улс төрчдийн далладаг “гоё цагаан юм” –ыг харж, сонсч хууртахгүй, хошгирохгүй хүн шиг байцгаая л даа.