Monday, April 2, 2012

Хаширах уу, Хошгирох уу?


        Тарвага ер нь сонин амьтан. Хаширдаггүй. Төрөлхийн хэтэрхий сониуч зан нь тэр амьтныг үеийн үед баллаж байна уу гэмээр. Бод л доо. Буутай анчин нэг цагаан юмаар даллахаар сонирхоод, ардаа нуучихаар нь бүр хойд хөл дээрээ зогсож байгаад өнгийж харах гээд хичээгээд л. Тэгж байгаад нам авахуулна даа хөөрхий. Тэр тарваганы аав нь ч тэгж үхсэн, ээж нь ч тэгж үхсэн, аягүй бол бүх хамаатнууд нь ч тэгж үхсэн байгаа. Угаасаа хаширдаггүй тэр тарваганы  дараагийн үе нь бас тэгж үхэх нь тодорхой. Үеийн үед энэ сониуч занг нь занга болгон ашиглаж авлаж, махсаагаа гаргаж ирсэн хүмүүс сүүлдээ хоёрхон ангилалд хуваагджээ. “Тарваганы маханд нугасгүй”  үнэ хайрлахгүй авч иддэг нэг хэсэг байхад өчнөөн янзаар боловсруулж, боодог, ялбаг шалбаг ч билүү хийдэг мэргэшилтнүүд буюу бараг л удам дамжсан тарвагачид болох нөгөө хэсэг бас бий. Тэд бие биенийхээ хэрэгцээ шаардлагыг ханган, зохицон амьдарсаар өнөөдөр  бүр бизнесийн нэг хэлбэр болтлоо өргөжсөн байна.  Энэ ердөө л тарваганы сониуч зан дээр суурилсан зах зээл гэж бодохоор өрөвдмөөр. /өвгөн анчны яриа байж болно /
Сүүлийн үед тарвага ба Монгол хүн хоёрт нэг нийтлэг зүйл ажиглагдаад байх боллоо. Ер хаширдаггүй. Хошгироод л. Хөөрхий тарвага хошгирч байгаад өөрөө үхээд дуусдаг бол бид хошгироод, хохироод, хошгироод хохироод, тэгээд үглээд дуулаад, өрвийж босч ирээд дахиад хошгироод л. . .  Бодоод үз дээ. Тийм л байгаа биз дээ. Тарваганы ганц хошгиролт амийг нь авч байхад бидний байн байн хошгирох  дөрөв дөрвөн жилээр амьдралыг минь авч  байна. Үүний шалтгааныг хайгаад үзэх үү? Магадгүй Монгол хүн хэдэн үеэрээ махыг нь идсээр тарвагатай адилхан шинжтэй болсон байж болох л юм.  Гэхдээ бид чинь  бас хонь, үхэр, морины мах иддэг шүү дээ. Тэгэхээр зэрэг говийнхон тэмээрхүү, хангайнхан сарлагархуу  . . . за за больё, бүр хадуураад унах нь.
Удахгүй их хошгируулалт эхэлнэ. Эхлэнэ ч гэж дээ, аль эрт эхэлчихээд байна. Харин та дахиад л хошгирох гэж байна уу?  Хошгироход бэлэн болчихсон байна уу? Ер нь заавал хошгирох гээд л байна уу? Тэгвэл дахиад л хошгир доо. Харин үүнийхээ төлөөсөнд дараагийн сонгууль болтол гарах үр дагаварыг нь өөрөө л үүрээрэй. Бурууг нь олж харсан, эрүүл шинэ нийгэмд амьдрахыг хүссэн бусдыгаа болон өөрийн үр хүүхдээ давхар бас хохироохгүй байхын тулд сайтар тунгаагаарай. Өөрөөр хэлбэл таны сонголт ямар их хариуцлага дагуулдагийг өнгөрсөн сонгуулийн үр дүн таньд харуулаад өгчихсөн байхад дахиад тэнэг алхам хийж бусдыгаа бүү чирээрэй л гэж хэлэх гээд байна л даа.
Энд бас нэг амьтныг дурдахгүй бол болохгүй нь. Түүнийг бясаа гэнэ. Аль л тохитой тухтай, халуун дулаан, идэш хоол элбэгтэй газар амьдардаг тэр амьтан шөнөөр хүний цусыг сорохдоо гаргууд. Цус сорсныхоо дараа хөдлөх ч тэнхэлгүй болчихоод бэлцийж хүрэнтээд цатгалдаад байж байсан хэрнээ гэрэл гарангуут яаж ийгээд алга болчихно. Гэрэл асаасан нөхөр бясаанд хазуулж соруулснаа мэдсэн ч яг хаанаа хазуулаад хэр их цусаа соруулчихснаа яаж хохирсноо ойлгохгүй өнгөрнө. Маргааш  өдөр гэрэлтэйд булан тохойгоо сайн онгичиж,  үүрийг нь олоод, халуун усаар шалзалж, шөнө бүр зовоодог тэр муу бясаануудыг хүйс тэмтрэхээр шийдээд буцаад нам унтана. Гэвч дараагийн шөнө бүх юм бахь байдгаараа.
Энэ жилийн хаврын урьтай хамт их сонгуулийн цаг ирж байна аа... Энэ бол төрд шургалсан олон “бясаа”-ны үүрийг сэндийчиж, цэвэрлэх боломж тохиож байгаагаараа юу юунаас ч илүү үнэ цэнэтэй мөч. Одоо л тэр “бясаа” –нуудыг  “халуун усаар шалзалж”, “хор цацаж” цэвэрлэж авахгүй бол дахиад дөрвөн жил бидний “цусыг сорно”. Гэвч тэдгээр “төрийн бясаа” –нууд дулаан үүрээ, тухтай суудлаа эвдүүлэхгүйн төлөө, болж өгвөл дахиад дөрвөн жил тэндээ хорогдчихын тулд биднээс урьтаад хөдөлчихсөн, сул талуудыг маань судалчихсан элдвээр тархи угаагаад, бас хоорондоо хөлөө жийлцээд эхэлчихсэн байна.
Хүний хамгийн хэцүү мэдрэмж юу гээч? Бусдын өмнөөс ичих. Ёстой яаж ч болдоггүй юм чинь тэр гэдгийг сүүлийн үед ямар их мэдэрч байнаа. Гэнэт шударга царайлаад адилхан нэгнийхээ булхайг өнөөдөр л олж харсан юм шиг олон нийтэд зарлаад, тэр нөхрөөс л болж бүх асуудал үүсчихсэн мэт ойлгуулах гээд мэрийгээд. Ер нь тэр хүн муулж байгаа нөхөр  өмнө нь, цаг тухайн үед нь асуудлаа ярихгүй дуугүй байж байчихаад яагаад өнөөдөр гэнэт зарлаад, дэлгээд эхлэв ээ? Түүнээс гадна тэр нөхөр өөрөө 100% ариун явдалтан байж чадах уу?  Хоёр хар хэрээ бие биенийхээ харыг гайхна гэгчийн үлгэр мэт хөндлөнгөөс харагдахын сацуу нэг нь нөгөөгөөсөө илүү хуншгүй загнахыг нь харахаар өмнөөс нь ичээд байх юм.
 Танд бас зөвлөхөд “ард түмэндээ дэндүү хайртай” , “ядуу хүмүүсийн төлөө санаа нь байнга зовж” түүнийгээ байнга ярьж яваа улс төрчдөөс, тэр дундаа танд юм өгөх гээд байгаа нөхдүүдээс илүү их айж яв. Тэд чинь л хамгийн аюултай хүмүүс. Хэрэв ямар нэгэн гай таараад тэдний ярьж байгаа нээрээ ч үнэн юм шиг санагдаад эхэлбэл та бушуухан эмчид хандаарай. За за тоглосон юм. Эмчид хандах нь ч юу юм зүгээр л тухайн нөхөрт анализ дүгнэлт хийгээрэй. Хэн юуны тухай, ямар байр сууринаас юу гэж хэлэх гээд байгааг нь сайн ойлгох гээд нэг үз дээ. Зөвхөн улс төрдөө л, тэр саарал байшиндаа л байдаг хүн юу болоод гэнэт гараад ирэв, ямар нийгэмлэг, төрийн бус байгууллагад хамаарагдчихсан байна,  Ямраар хүмүүст харагдах гээд байна вэ? гээд л тал талаас нь сайн ажиглаарай. Цаана нь, ходоодных нь мухарт ямар нэг эрх ашиг, танд надад таалагдах гэсэн хүсэл байж л байгаа. Битгий тоогоорой.  Ер нь болж өгвөл та сонгууль дуустал телевиз үзэхгүй, сайхан ярьсан хүмүүсийн үгийг сонсохгүй байвал туйлын сайнсан.
Та ч бас өөрөө болж өгвөл хүнээс ямар нэг юм үнэгүй авчих гээд байдаг өлөв долов гэсэн зангаасаа, хэн нэгэн ирээд сайхан байр орон сууцтай болгоод, хэзээ ч дундардаггүй хөргөгч аваад өгчих юм шиг сэрүүн мөрөөдлөөсөө одоо салж үз. Нар баруунаас гарахгүй шиг таны энэ мөрөөдөл биелэхгүй. Та өөрөө хөдөлмөрлөж, уйгагүй оролдож байж мөнгө олох аргаа олохгүй бол цаг хугацаа өнгөрсөөр, гуйлгачин амьдрал чинь улам л уруудуулж доройтуулсаар, архинд орж, ад болж төгсөх болно. Энэ бол зүгээр сууж мөнгө олох гэсэн хүслийн чинь үр дагавар, өөрийнхөө төлөө хуруугаа ч хөдөлгөөгүйн чинь шан болохоос таны дэргэд хөдөлмөрлөсөөр сайн сайхан амьдарч байгаа, хажуугаар чинь сайхан хувцаслаад, сайхан машин унаад танихгүй өнгөрөх нэгний буруу биш ээ. Тэгэхээр та одооноос зөвхөн өөртөө итгэж, зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлө. Дахин хэлэхэд таны төлөө гээд байгаа, таныг хайрласан өрөвдсөн, эрх ашгийг тань хамгаалж, энэрч, халамжлах гэсэн хүмүүсээс айж зугтаж яв. Энэ цөвүүн цагт зөвхөн өөртөө, хар толгойдоо л итгэж амьдар. Тэгвэл алдсан ч өөртөө л гомдохоос биш хэн нэгэнд хар санаж, ядаж сэтгэлдээ нүгэл хураахгүй. Ямар амьдрах чинь ганцхан танаас л хамаарна. Бидний хүрэх гэсэн ардчилалын үнэ цэнэ энд л оршиж байгаа. Хөдөлмөрлөвөл, ухаалаг, овсгоотой байвал бүх хүнд боломж нээлттэй сайхан нийгэм биднийг тосон хүлээж байна. Мэдээж элдэв хэцүү бэрхшээл асуудал тулгарна л даа. Гэхдээ хүн бүр зөв үзэл бодолтой, зөвөөр хоолоо олдог, бусаддаа ч зөв шаардлага тавьчихдаг болчихвол бүх юм аандаа л бүтээд ирнэ. Одоо тэрний өмнөх багахан саадыг тэсвэртэйгээр давцгаая. Тийм нийгэм рүү хамтдаа орохын өмнө шинэ жилдээ өнгөтэй сайхан байхыг  билэгдэж, хир буртгаа цэвэрлэн, хувцасныхаа тоос шороог гүвдэг өвөг дээдсийнхээ ёсыг дагаж, ирэх сонгуулиар “нийгмийн бясаа, тэдгээрийг үржүүлдэг хувалзнууд” –аас салцгаая.  Ингэхийн тулд өөртөө л үнэнч байж, бодит байдлыг  томруулдаг шил, LCD, Plazma,  Led дэлгэцээр харж биш өөрийнхөө нүдээр харж, оюунаар тунгааж, сонгуульдаа хариуцлагатай  хандъя. Улс төрчдийн далладаг “гоё цагаан юм” –ыг харж, сонсч хууртахгүй, хошгирохгүй хүн шиг байцгаая л даа.

No comments:

Post a Comment