Tuesday, March 13, 2012

“Тэнэг тарвагануудад”


            Та дахиад л хошгирох гэж байна уу?  Ер нь хошгироход бэлэн болчихсон байна уу? Тэгвэл дахиад л хошгир доо. Харин үүнийхээ төлөөсөнд дараагийн сонгууль болтол гарах үр дагаварыг нь өөрөө л үүрээрэй. Бурууг нь олж харсан, эрүүл шинэ нийгэмд амьдрахыг хүссэн бусдыгаа болон өөрийн үр хүүхдээ давхар бас хохироохгүй байхын тулд сайтар тунгаагаарай. Өөрөөр хэлбэл таны сонголт ямар их хариуцлага дагуулдагийг энэ сонгуулийн үр дүн таньд харуулаад өгчихсөн байхад дахиад тэнэг алхам хийж бусдыгаа бүү чирээрэй л гэж хэлэх гээд байна л даа.
Энэ жилийн хаврын урьтай хамт их сонгуулийн цаг ирж байна. Энэ бол төрд шургалсан олон олон “бясаа”-ны үүрийг сэндийчиж, цэвэрлэх боломж тохиож байгаагаараа юу юунаас ч илүү үнэ цэнэтэй мөч. Гэвч дулаан үүрээ, тухтай суудлаа эвдүүлэхгүйхэн шиг болж өгвөл дахиад дөрвөн жил хорогдчихын тулд тэд биднээс урьтаад хөдөлчихсөн, бидний сул талыг судалчихсан элдэв хошгируулалтаа хийгээд эхэлчихсэн байна. Тиймээс та ер нь болж өгвөл сонгууль дуустал телевиз үзэхгүй, сайхан ярьсан хүмүүсийн үгийг сонсохгүй байвал туйлын сайн. Өнөөдөр тэд биднийг сайхан амьдрах нөхцөл бүрдүүлж өгөх ёстойгоо гэв гэнэт саначихаад  байхгүй, дутуугаар минь тоглоод эхэлчихсэн байна. Үүний нэг нь “100 мянган айлын орон сууц” гэдэг сайхан нэртэй хөтөлбөр. Өнөөдөр 170 000 өрх гэр хороололд амьдарч байна гэсэн тоо бий. Тэгвэл хоёрхон том хөтөлбөрөөр энэ олон айл өрх орон сууцтай болчих нь ээ? Сайхан л хэрэг. Гэвч энэ нь хэзээ ч бүтэхгүй.
 Одоо бид юмыг бодитойгоор, дамын үгнээс биш яг өөрийнхөөрөө харах дүгнэдэг болох цаг нь ирсэн. Та бодоод үз дээ. 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжихийн тулд жилд дор хаяж 20 000 айлын орон сууц барих ёстой. Харин манайд жилд үсрээд л 12 000 айлын орон сууц барьж чадаж байгаа. Тэдгээрийн үнэ болон чанар алд дэлэм зөрүүтэй. Мөн барилгын компаниудын хөрөнгө мөнгөний гачаалын асуудал, энэ салбарын технологийн хоцрогдол, бараа материалын дутагдал гээд олон асуудлыг шийдэж байж тэр хөтөлбөр бага зэрэг урагшлах ёстой. Энэ бүхнийг тооцоод үзвэл тэд хэр боломжтой юм ярьж байгаа нь ойлгогдоод ирнэ.
Наад зах нь иймэрхүү юмыг олж хараад дараа нь шийдвэрээ гаргадаг болчихвол бид ядаж бага доромжлуулна даа.
Танд бас зөвлөхөд “ард түмэндээ дэндүү хайртай” , “ядуу хүмүүсийн төлөө санаа нь байнга зовж” түүнийгээ байнга ярьж яваа улс төрчдөөс, тэр дундаа танд юм өгөх гээд байгаа нөхдүүдээс илүү их айж яв. Тэд чинь л хамгийн аюултай хүмүүс. Та ч бас өөрөө болж өгвөл хүнээс ямар нэг юм үнэгүй авчих гээд байдаг өлөв долов гэсэн зангаасаа, хэн нэгэн ирээд сайхан байр орон сууцтай болгоод хэзээ ч дундардаггүй хөргөгч аваад өгчих юм шиг сэрүүн мөрөөдлөөсөө одоо салж үз. Хэзээ ч нар баруунаас гарахгүй шиг хэзээ ч таны энэ мөрөөдөл биелэхгүй. Та өөрөө хөдөлмөрлөж, уйгагүй оролдож байж мөнгө олох аргаа олохгүй бол цаг хугацаа өнгөрсөөр, гуйлгачин амьдрал чинь улам л уруудуулж доройтуулсаар, архинд орж, ад болж төгсөх болно. Энэ бол зүгээр сууж мөнгө олох гэсэн хүслийн чинь үр дагавар, өөрийнхөө төлөө хуруугаа ч хөдөлгөөгүйн чинь шан болохоос таны дэргэд хөдөлмөрлөсөөр сайн сайхан амьдарч байгаа, хажуугаар чинь сайхан хувцаслаад, сайхан амьдраад алхаж яваа нэгний буруу огтхон ч биш. Тэгэхээр та одооноос зөвхөн өөртөө итгэж, зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлө. Дахин хэлэхэд таны төлөө гээд байгаа, таныг хайрласан өрөвдсөн, эрх ашгийг тань хамгаалж, өрөвдөж, халамжлах гэсэн хүмүүсээс айж зугтаж яв. Энэ цөвүүн цагт зөвхөн өөртөө, хар толгойдоо л итгэж амьдар. Тэгвэл алдсан ч өөртөө л гомдохоос биш хэн нэгэнд хар санаж, ядаж сэтгэлдээ нүгэл хураахгүй. Бидний хүрэх гэсэн ардчлалын үнэ цэнэ энд л оршиж байгаа. Хөдөлмөрлөвөл, ухаалаг, овсгоотой байвал бүх хүнд боломж нээлттэй сайхан нийгэм биднийг тосон хүлээж байна. Тийм нийгэм рүү хамтдаа орохын өмнө хувцасныхаа шороо тоосыг гүвдэг шиг ирэх сонгуулиар “нийгмийн бясаа, тэдгээрийг үржүүлдэг хувалзнууд” –аас салж, гагцхүү өөртөө л үнэнч байцгаая.

No comments:

Post a Comment