Tuesday, August 30, 2011

“Манайх л бол мангар нь ч яахав”



            Шувууд жиргэж, горхи хоржигносон хөдөө нутагт аргалын цэнхэр утаагаар айлсан, хонь хургаа хариулж, хамтдаа тоглож өссөн багын найз сайхан. Хувь заяаны эрхээр нэг нь хот орон бараадан сургууль соёлын мөр хөөж, нөгөөх нь нутаг усандаа малаа хариулж үлдэх нь ердийн л нэг монгол төрх. Мэдээж нэг нь хол газар эрдмийг сурснаар хот суурингийн цагаан захтан, төрийн том албан хаагч, зав завсаргүй ажилтай нутаг усаа санагалзахаас цаашгүй нэгэн болно. Тэгээд арайхийж зуны дэлгэр цагт багтаан нутаг усандаа очиж ахан дүүстэйгээ золгон амар мэндээ мэдэлцэн стресс ядаргаагаа тайлна. Тэгэхдээ боловсорсон хүний нүдээр нутаг орондоо хөгжил, ах дүү, анд нөхөддөө боловсрол дутмаг байгааг олж харан сэтгэл зүрх нь эмзэглээд буцна. Болдогсон бол их мөнгөтэй болж ирээд уулыг нурааж усыг эргүүлээд, уугуул нутгийнхныхаа “тархийг нь гаргаж тас угаагаад” боловсруулж хөгжүүлчихмээр. Даанч өөрөө намын харъяанд байж байж л  төрийн албанд толгой хорогдож яваа нэгэн гэдэг гашуун үнэн үе үе гол зурна. За яахав ирэх сонгуулиар сайн ажиллаад манай нам ялчихвал томоохон газрын боломжийн албан тушаалтан болчихно доо, тэгэхээрээ л . . .
            Ёр биелж, нам ялж “Улсын .... .... ерөнхий газар”-ын даргаар томилогдон, албаны тэрэг хөллөж амьтан хүнтэй хоол унд идэж, орой үдэшгүй дайлуулж цайлуулж, олноор гуйлгуулж, хүндлүүлсэн томоохон нэгэн болоод хувирчихав аа. Нараа дагавал даарахгүй, намаа дагавал алзахгүй ээ гэж. Албаны том тэргэний дотроос ард иргэдийн саарал амьдралыг харж, ар гэрийн авгай, хүүхдийнх нь сургууль соёл, хоол хүнсний асуудлыг жолооч нь зохицуулж хамаг амьдрал нь дээшлээд ирлээ. Хүн л юм чинь “за одоо энэ нэг ажлыг хийсэн шиг хийгээд үзүүлээд өгье л дөө, намынхаа итгэлийг алдахгүй ээ” гээд ханцуй шамлан ортол хэдэн хэлтсийн дарга, албан тушаалтнууд нь хөдлөж өгдөггүй ээ. “Юугаа ч мэдэхгүй нэг баагий юу хийх гээд шинэчлэл өөрчлөлт яриад байгаа юм” гэсэн маягтай. Олон жилийн туршлагатай, догширсон хурган дарга нарын зөв ч юм шиг. Үнэндээ тэр ажлыг сайн мэдэхгүй л юм чинь дээ. Гэтэл бас тэднийг тийм өндрөөр үнэлж болохгүй ажээ. Сайн судлаад байсан чинь тэр нөхдүүд нөгөө намынх болж таарах нь тэр. Ер нь өрсөлдөгч намынх болоод л манийгаа ингээд байгаа болохоос өөр нэг их илүү юмгүй мэт. Тэгээд хүмүүсээ судалж эхэллээ. Манай намынх, нөгөө намынх, нам бусчууд. Энэ гурван ангилал ажил явуулахад ямар дөхөм гээч. Нөгөө намынх бол хэзээд үгүйсгэгчид. Зөв юм ярьж байсан ч. Манай нам бол манай л нам. За тэгээд ажиллаад байтал гэнэт нэг нөхөр ерөөсөө болдоггүй ээ. Хэл ам татлаад л, ажлаа мөрөөрөө хийгээд л явахын оронд ингэвэл илүү дээр, энэ тогтолцоо буруу энэ тэр гээд алхам тутамд шүүмжлээд болдоггүй.  Бусад нь болоод л байхад хэнийг шүүмжлээд байгаа нөхөр вэ ер нь. Олон удаа ингээд байвал ганц юмыг халж л орхино ш дээ. Үүнийг ойлгохгүй дүүрсэн дурак ер нь хэзээ ажилд орсон хэн гэж нөхөр вэ? Хайгаад шүүгээд үзтэл мань нөхөр нөгөө намын баагийгийн ажилд оруулсан хүн байж таарлаа. Ер нь тэр оруулсан нөхөртэй нь ч цуг халсан одоохондоо миний дур биз дээ энэ чинь. Гэтэл яг энэ үеэр багын найз нутгийн анд орж ирлээ. Хөдөөнийхөө дээлтэй, хөлсөө үнэртүүлээд л манай нутгийнх ч мөн дөө. Юу л гуйх гэж яваа бол доо гэтэл “за найз минь би ч яахав өөрөө ингээд малаа дагаад дуусах хүн. Харин энэ ганц охиноо чам шиг эрдэм номтой хүн болгоё гээд хот бараадуулж сургалаа. Одоо энэ жил төгссөн. Надад чамаас өөр таньж мэдэх хүн алга. Чи л нэг аргалж энэ хүүхдийг ажил төрөлтэй болгож үз. Нутгийн найзууд нэг нэгээ түшиж л явах учиртай” гэж ирээд л хүний өмнөөс хүүхдээ сургасан аятай ярьж ярьж гарлаа. Арайхийж гаргаад агаар салхи өрөөндөө оруулаад, авчирсан ааруул идээг нь яахаа мэдэхгүй сууж байтал нөгөө хэлтэй амтай нөхөр дахиад л асуудал гаргасан байна. Боловсон хүчнээ дуудаад тэр нөхөр, өөр ер нь хэл ам таталдаг өөрсдийгөө их юманд тоосон хэд хэдэн хүнийг ажлаас хоцорсон, тасалсан цаг, алдаа эндэгдэл бүхнийг нь судлууллаа. Хөдөлмөрийн хууль, гэрээ энэ тэрийг зөрчсөн халагдах шалтаг гаргасан эсэхийг нь хараадахъя л даа. “Тээр ийм хариуцлагагүй байж, өчнөөн олон цагийн тастай байж тийм том юм яриад явж байдаг энэ нөхрийг ер нь ганц хоёр сануулаад халчихъя. Яадгийм” Тэгээд нутгийн андын охиныг дуудууллаа. Гоёх гэж ядсан, хөдөөгөө ч далдалж амжаагүй аавтайгаа хачин адилхан гордойсон охин өмнө нь зогсоно. Хэл ус байхгүй, хэн ч мэдэхгүй нэг дээд сургууль төгссөн, олигтойхон шивж чадахгүй, онолоо ч гүйцээж сураагүй царайтай. За яахав авч л орхиё. Нутгийн нэг дүү гайгүй ажил хийгээд над шиг нэгнээ татна биз. Залуу хүн сураад ахиад яваг. Буян болог. Дараа нь өөрийнхөө намын нэг нөхрийг авъя. Дараа нь ахынхаа хүүг авъя. Ер нь төрийн ажил ийм л явж ирсэн юм бол энэ дотор байгаа энэ хэлгүй дүлий хүлцэнгүй нөхдүүд байна уу, миний нутгийн, манай намын нөхдүүд байна уу зарчмын ялгаа огт алга. Манайх л бол мангар ч байсан яахав тийм биз дээ. Миний үед л би энэ хэдийгээ гэж өөд нь татаж чадахаа л хийж байна даг. Тэртээ тэргүй үеийн үед ингэж явж ирсэн тогтолцоог би энэ дөрвөн жилд өөрчилж чадахгүй нь тодорхой. Эцсийн эцэст хэн намайг буруутгах юм бэ?

No comments:

Post a Comment