“Цагаан нөмрөгтэй хадуур барьсан нөхдүүд”
Хайртай дотны маань хүн өндөр даралттай. Хааяа хааяа ихдэж сандрагаад эм уугаад гайгүй болчихдог ч энэ жил байн байн ихэсч их л сандаргана. Саяхан бас л ихдлээ. Эмийг нь өгөөд л, даралтыг нь хэмжээд л сүүлдээ тариад л. Мэдээж гэрт нэг мэргэжлийн эмч байгаа нь юутай сайн. Гэтэл биш ээ. Бүр даралт нь буудаггүй. Олон эм тариаг ч тоохгүй ихдэж хямарч сандаргалаа. Түргэн дуудах уу яах уу, за мөд ирэхгүй юм чинь цаг алдаж байхаар ойрхон байдаг дүүргийн эмнэлэгтээ аваад очъё. Ядаж хүчил төрөгч энэ тэртэй, эрх биш эмнэлгийн хаяа бараадъя. Бидний гаргасан шийд энэ. Нэг түргэн дуудахад нилээд хэдэн цаг хүлээх хэрэгтэй, гэтэл даралт нь хэлбэлзэж ихдэж байгаа хүн харвах магадлал өндөртэй. Ингээд аваад очлоо дүүргийн эмнэлэгт. Хүлээн авахын өрөөнд эвшээсэн сувилагч авгай тоомжиргүйхэн угтаж, хайш яйш хэдэн асуулт тавиад эмчээ дуудна гээд алга боллоо. Чичирсэн, өвдсөн, шаналсан нэгнээ хараад аврал гуйж бараадсан эмнэлгийн хүлээн авахын эзгүй өрөөн дэх хүлээлт. . . Лав арван минут өнгөрлөө. Яарсан хүнд ямар их хугацаа вэ, тэсгэлгүй цааш явж орлоо, нөгөө сувилагч хээв нэг хүнтэй яриж, инээж зогсоно. Мэдээж миний зовлон шаналалыг хуваалцах албагүй ч хандлага нь ерөөсөө таалагдаагүй тэр ажил гүйцэтгэгчээс зарчмын шаардлага тавилаа. “Өчнөөн хүлээлээ, эмч чинь яачихав аа” гэтэл өөдөөс “юуны чинь өчнөөн удаан, саяхан ирчихээд” гээд нөгөө сувилагч гуай тачигнаж гарлаа. Энэ үест ашгүй нөгөө авралт цагаан нөмрөгт эмч айсуй. “бид дотроо бас их ажилтай үзлэгтэй байдаг” гэж сувилагчаа өмөөрөнгүй хэлээд “за яасан даралт уу, нуруу хөшиж, толгой өвдөж, дотор муухайрч байна уу” гэснээ “түргэнээр ирээгүй юмуу, эхлээд түргэн дуудаж үзүүлж байж наашаа ирэх ёстой, шатлал шатлалаар нь хандсангүй” гэлээ. “Түргэн дуудах гэснээ өөрсдөө ирвэл хурдан гэж бодоод, түргэн дуудаад хэдэн цагийн дараа ирэхийг та өөрөө мэдэж байгаа, тэр хооронд энэ хүн харвачихвал яах вэ?” гэхэд олон үгтэй нөхөр вэ гэсэн шиг харснаа “За чи гарч бай”. Зарчмын шаардлагыг дагахаас өөр аргагүй учир “За” гээд гарлаа. Ажлаа өөрийнхөө гэр гээд бодчихсон сувилагч авгай амандаа үглэсээр үлдлээ.
Хаалганы цаана хараал идсэн цагаан нөмрөгтөнгүүдийн ажилдаа хандах хандлага, тэр дампуурсан шатлал энэ тэрийг нь үзэн ядахын туйл зангирч хүлээлээ. Хэсэг хугацааны дараа дуудлаа. “Өвчин намдаах анальгин демодрол тарьсан, 3 000 төгрөг”. Хэнэг ч үгүй мөнгө нэхэх сувилагч авгай анхан шатны тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх хууль дүрмээ огоорохын зэрэгцээ хайртай дотны хүний минь судсыг нэмээд хагласан байлаа. За Монгол улсын эрүүл мэндийн салбарын анхан шатны биш ээ хоёр магадгүй гурав дахь шатны тусламж үзүүлэх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын нэг оройн үнэн төрх энэ. Тэгээд ичих ч үгүй “эмч хүн жаргалын ээж”, “цагаан нөмрөгт ачтан”, “ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах энхийн манаанд зогсогчид” энэ тэр гэж хэлүүлэх дуртайг яана. Манай уран бүтээлчид ч заримдаа энэ тал дээр арай л дэгсдүүлчихсэн юм шиг. Ийм хандлагатай ийм өнгө төрхтэй улсын эмнэлэгт хэн очно гээч. Ёстой л өнөө маргаашаа яая гэж яваа ядарсан иргэд улсаас үзүүлдэг “үнэгүй” эмнэлгийн халамж үйлчилгээндээ хамрагдах гэж. Гэтэл тэднийг зовлонгоор нь тоглож, тоомжиргүй хандсан, “царай харсан” цагаан халаадан доторхи завхарсан амьтад угтна. Мэдээж би аргаа барахгүй, ахиад орой болсон хойно хэн нэг маань сандаргахгүй бол тийшээ зүглэх ч үгүй. Шаардлага гарвал хувийн эмнэлгүүдэд хандаад л явна. Тэд ч бас төгс биш ч улсынхаасаа хамаагүй дээр. Бүр илүү мөнгөтэй нь гадагшаа гарч эмчлүүлээд дотоодын эмнэлгээ тоох ч үгүй. Ингэж иргэддээ үнэлэгдэхээ байсан эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгтөнгүүд, улсын эмнэлгийнхэн цаашдаа бүх ард иргэддээ биш зөвхөн ядарсан зүдэрсэн нь тоож зүглэвэл зүглэдэг нөгөө “Сэрэлт” киноны “ах ламынх” шиг газар болж хувирахад ойрхон байна даа гэж.
No comments:
Post a Comment