Анагаахад ороход арван сая, анги шилжүүлэхэд гурван сая, мөнгө байвал улсын сургууль, боловсролын тогтолцоог худалдаад авчихаар үлээгээд хийсгэчихээр хэврэгхэн болжээ. Аливаа тогтолцоо авилгал хээл хахуульд идэгдэхээрээ ялзарч, дампуурдаг. Тэр дундаа урдаа барих, тэргүүлэх боловсролын салбар ялзарчихаар яах юм бэ энэ чинь. Угаасаа төрийн улсын гэх бүхэн буруу, хөгждөггүй гажууг мэднэ л дээ. Гэхдээ л цаана чинь өндөр үнэ ханштай ч үнэлж болошгүй мэдлэг чадвар биш хэдэн төгрөгөөр хэсэг хугацааны дараа үнэ цэнээ алдах зүйлээр сольж болдог мэргэжлийн, дээд боловсролын үнэмлэх дипломонд итгэл алдарч, тэр бүхэн нь үнэгүйдэх цаг нүүрлэж байна. Магадгүй арван жилийн дараа ажилд авахын тулд давхар дипломон дээрх үнэлгээг нь батлах шалгалтыг албан газар бүр давхар авч, бас түүнийг нь дагасан авилгал, хээл хахуулийн бизнес цэцэглэх байх даа. Арай л биш байнаа.
Найман сарыг бид найр наадмынх гэж онцолдог. Бас нэмээд найрааны сар болж хувирсан энэ сард уул нь бид их ажил амжуулах ёстойсон. Өвөлжилтийн бэлтгэл, хадлан тариалан гээл. Ер нь наанадаж ирэх өвөл, цаанадаж ирээдүй хойч үеийнхнийхээ боловсролд анхаарах хариуцлагатай сар юмсан. Гэтэл ирээдүйгээ үр хүүхдээ бодож өндөр үнэ төлж, арын хаалгатай, “аргалдаг суудалтай” нэгний амандаа багтсан үнэнд унаж байхад цаана чинь бидний дараагийн үе, өнөөдрийн дунд сургууль төгсөгчид “юмыг ингээд аргалчихдаг юм байна, мөнгө байвал л бүх юм болдог юм байна” гэсэн сэтгэхүйтэй болж, “өөрийгөө дайчлах”, “боломж бололцоогоо ашиглах”, “чадвараараа шударга өрсөлдөх”, “аливаад шудрагаар хандах” буюу “байх ёстой хэм хэмжүүр” алдагдаж, өөр хандлагатай, өөр бүр өөр аймшигтай үзэл бодолтой нэг хэсэг биш нэг бүхэл бүтэн үе давхрага гарч ирэх нь.
Уул нь та бидний хийж байгаа энэ үйлдэл үр хүүхдийнхээ ирээдүйн сайхны төлөө, тэднийг хэнээс ч дутахгүй боловсрол мэдлэгтэй, эрдэм чадалтай, эх орондоо хэрэгтэй хүн болж төлөвшөөсэй гэсэн хүслийн дор үйлдэгдэж байгаа нь мэдээж. Гэхдээ үнэхээр хайрлаж байвал, халамжилж байвал хал үзүүлэх бас чухал юмсан. Хаашдаа бид мөнх наслахгүй, хатуу хорвоод тэд өөрсдөө л цаашдаа амьдарна. Тэр цагт хатуу хүтүүг давах тэвчээр хатуужил, зөв шийдвэр гаргах, зөв ухаан өвлүүлсэн бол юутай сайн. Гэтэл юугаар ч сольшгүй үнэт эрхэм зүйл нь мөнгө гэж ойлгосон тэр хүн өөрөө буруу төдийгүй өрөөлдөө ямар их хортойг та бид амьдралаараа туршлагаараа мэдсээр байж, бусдын сайн сурсан хүүхдийн өмнүүр өөрийнхөө биеэ дайчлаагүй, чадваргүй хүүхдийг өндөр үнэ төлж оруулснаараа тийм хандлага руу түлхэж байна. Тэгээд мөнгөөр бүхнийг шийддэг, мөнгөтэй болохын тулд бусдыг яахаас ч буцахгүй болж төлөвшсөн хүүхдээ харж, гайхан “яахаараа энэ. . .” гэж толгойгоо маажиж суух цаг ирэх вий дээ. Хаашдаа муу менежменттэй, чанаргүй боловсрол олгодог, ороо бусгаа энэ салбарыг эцэг эхчүүд та бид үнэ хаялцан хөөрөгдөж, улам л сандчаан бужигнуулж байна. Арай л биш санагдахгүй байна уу.
No comments:
Post a Comment